өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
Витамин B12: Цус төлжүүлэгч аминдэм
Цус багадалт, ядаргаа, ой тогтоолтын асуудалтай хүмүүст Витамин B12-гийн ач холбогдол
NUTRITION
Амина Батхүрэл
3/18/20261 мин унших
Цус багадалт гэхээр ихэнх хүмүүс шууд л төмөрийн бэлдмэл уух хэрэгтэй гэж боддог.
Гэхдээ үнэндээ бие махбодод цусыг зөв бүтээж хүчилтөрөгчийг хүргэхэд маш чухал үүрэгтэй аминдэм байдаг нь бол Витамин B12.
Төмөр = нь хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг.
Витамин B12 = нь тэр хүчилтөрөгчийг зөөх эрүүл цусны эсийг бүтээдэг.
Хэрвээ Витамин B12 дутагдвал төмөр хангалттай байсан ч цусны эсүүд сул том буруу хэлбэртэй болж хүчилтөрөгчийг зөв зөөж чаддаггүй.
Үүнийг (Megaloblastic anemia) Мегалобласт = эмгэг томорсон, боловсроогүй улаан цусны эс Цус багадалт гэж нэрлэдэг.
Тиймээс Витамин B12-г цус бүтээгч аминдэм гэж хэлж болно.
Витамин B12 яагаад тийм чухал вэ?
Витамин B12 нь улаан эсийг эрүүлээр үүсгэх мэдрэлийн системийг хамгаалах ДНХ (дезоксирибонуклейн хүчил) нийлнгжүүлэлт, мөн энерги ба тархины үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй.
Насанд хүрсэн хүн өдөрт ойролцоогоор 2.4 мкг хэрэгтэй байдаг.
Гэхдээ бие өөрөө Витамин B12-г бүтээж чаддаггүй тул заавал хоол хүнс эсвэл нэмэлтээс авах шаардлагатай
Бидий бие Витамин B12 үйлдвэрлэж чаддаг уу?
Сонирхолтой нь зарим бактери Витамин B12 үүсгэдэг. Гэхдээ энэ нь ихэвчлэн бүдүүн гэдсэнд явагддаг. Харин Витамин B12 шимэгдэх хэсэг нь нарийн гэдсэнд байдаг.
Тиймээс бие дотор үүссэн Витамин B12-г ашиглаж чаддаггүй бөгөөд гаднаас авах шаардлагатай байдаг.
Витамин B12 дутагдалт өртөмтгий хүмүүс
👉 Веган, вегетариан (амьтны гаралтай хүнс хэрэглэдэггүй)
👉 Жин хасах мэс засал хийлгэсэн
👉 Хоол шингээлт муутай (жишээ нь Celiac disease, Crohn's disease)
👉 Ходоодны хүчил багассан (нас ахих, эмийн нөлөө)
Би ч бас багаасаа л цус багадалттай байсан. Харин гадуур их сурч, мах болон сүүн бүтээгдэхүүнийг маш бага хэрэглэж, хэт урт хоолойлох үес цус багадалт маань бүр хүндэрч байсан.
⚠️ В12 дутагдлын шинжүүд
Энэ дутагдал аажмаар илэрдэг тул анзаарагдахгүй байх нь элбэг
• Гар, хөл бадайрах, жирвэгнэх
• Тэнцвэр алдагдах
• Цус багадалт
• Ой тогтоолт муудах
• Ядрах, сулрах
• Төвлөрөхөд хэцүү болох
Хэрвээ дутагдалтай бол
Хэрэв Витамин B12 дутагдалтай бол тарилга эсвэл өндөр тунтай нэмэлтээр нөхдөг. Веган, вегетариан хооллолт баримталдаг хүмүүсийн хувьд өдөр тутмын Витамин B12 нэмэлт зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь эхэндээ аль болох хоол хүнснээс авахыг хичээх. Жишээ нь мах, өндөг, сүүн бүтээгдэхүүн, эсвэл В12-аар баяжуулсан бүтээгдэхүүнүүд бол хамгийн сайн эх үүсвэр юм. Нэмэлт сонгохдоо чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг сонгох нь чухал.
Витамин B12 юу хийж чадахгүй вэ?
Интернет дээр Витамин B12-г бүхнийг эмчилдэг мэт ойлголт түгээмэл байдаг. Жишээ нь Alzheimer's disease-ийн үед Витамин B12 бага байх нь ой санамж муудахтай холбоотой ч өндөр тунгаар уусан ч тархины үйл ажиллагааг сайжруулдаг нь батлагдаагүй. Тиймээс В12-г “шидэт эм” гэж харах хэрэггүй, харин биеийн суурь хэрэгцээг хангах чухал аминдэм гэж ойлгох нь зөв.
Эрүүл мэнд гэдэг нь хэт хасах эсвэл хэрэггүй зүйлийг нэмэх биш, харин биеийг бүх хэрэгцээт шим тэжээлээр тэнцвэртэй хангах явдал юм. Витамин B12 бол жижиг мэт санагдах ч цус, энерги, тархины үйл ажиллагааны үндэс болдог аминдэм юм. Эхэндээ аль болох хоол хүнснээс авахыг хичээгээрэй, шаардлагатай бол нэмэлтээр дэмжиж, чанартай бүтээгдэхүүнийг сонгоорой.
