өөрийгөө хайрлах аялалаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.
12-аас 72 цаг хүртэл: Таньд аль мацаг барилт тохиромжтой вэ?
6 төрлийн мацаг ба тэдгээрийн өвөрмөц ашиг тус
ХООЛ ЗҮЙ
Amino Aminashka
10/30/20251 мин унших
Та мацаг барих талаар бодож үзсэн үү?
Мацаг барих нь зүгээр нэг турах арга биш. Энэ бол таны бие махбодийг амрааж, эд эсийг нөхөн сэргээж, биеийг дотроос нь эмчлэх гайхалтай арга барил.
Ихэнх хүн мацаг барих хугацаа бүр өөр өөр зорилготой байдгийг төдийлөн сайн мэддэггүй. 12 цагаас 72 цаг та хэр удаан барихаас шалтгаалаад таны биед өвөрмөц түвшний эдгэрэл, цэвэрлэгээ, шинэчлэл явагддаг.
Хамгийн гоё нь ямар урттай мацаг барьсан ч таны бие өөрчлөгдөж эхэлдэг. Орчин үед бид бараг өдөржин идэж, ууж, хөнгөн зууш, кофе, амттанаар биеэ дүүргэж байдаг. Тэгээд бидний бие хэзээ ч бүрэн амрах боломж олж авдаггүй.
Хэрвээ та мацаг барих талаар сонирхож байгаа бол энд Dr. Mindy Pelz-ийн Fast Like a Girl номоос сэдэвлэсэн зургаан төрлийн мацаг барих аргын товч танилцуулгыг хүргэе. Эдгээр нь таны амьдралын хэв маягт хамгийн тохирох хэлбэрийг олоход туслах болно.
12–16 цагийн мацаг — Өдөр тутмын нөхөн сэргэлт
Энэ нь хамгийн зөөлөн бөгөөд хүн бүрт тохиромжтой мацаг юм. Орой 8 цагт хоолоо идээд дараагийн өдрийн үдийн үед дахин хооллох маягаар барина. Энэ үед таны бие хоол боловсруулах ажлаа дуусгаж, хадгалагдсан өөхийг энерги болгон ашиглаж эхэлдэг.
Ашиг тус:
Цусан дахь сахарын түвшинг тэнцвэржүүлнэ
Үрэвслийг бууруулна
Эрч хүч, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлнэ
Энгийн бөгөөд тогтвортой хэв маяг хүсэж буй хүмүүст тохиромжтой.
17 цагийн мацаг — Эсийн цэвэрлэгээ
17 цагийн дараагаас таны биед autophagy хэмээх эсийн цэвэрлэгээний процесс идэвхжиж эхэлдэг. Энэ нь хуучин эсийг устгаж, шинэ эсийг үүсгэн биеийн нөхөн сэргэлтийг дэмждэг.
Ашиг тус:
Арьс гэрэлтэж, эсийн нөхөн сэргэлт явагдана
Оюун санаа илүү тод, төвлөрсөн болно
Дааврын тэнцвэр сайжирна
24 цагийн мацаг — Хоол боловсруулах эрхтний амралт
Нэг өдөр хоолноос татгалзах нь таны гэдэс, ходоодонд жинхэнэ амралт болдог.
Ашиг тус:
Гэдэсний салстыг нөхөн сэргээнэ
Хоол шингээлт болон шим тэжээлийн шингээлтийг сайжруулна
Хөөсөн, дүүрсэн мэдрэмжийг багасгана
Долоо хоногт нэг удаа, эсвэл хоол шингээлт муудахад барихад хамгийн тохиромжтой.
36 цагийн мацаг — Өөх шатаах горим
1.5 хоног мацаг барих үед таны бие энергиээ гүнзгийрүүлэн өөхнөөс гаргаж эхэлдэг. Энэ нь бодисын солилцоог идэвхжүүлж, жингийн зогсонги байдлыг эвдэнэ.
Ашиг тус:
Өөх тосыг илүү үр дүнтэй шатаана
Инсулины мэдрэмжийг сайжруулна
Хорыг гүнзгий цэвэрлэнэ
Богино мацагт дассан, дараагийн түвшинд хүрэхийг хүсэж буй хүмүүст тохиромжтой.
48 цагийн мацаг — Сэтгэл санааны ДЕТОКС
Хоёр өдөр мацаг барихад таны допамины рецепторууд дахин тэнцвэржиж, баяр баясгалан, урам зоригийг илүү амархан мэдэрдэг болдог. Энэ нь зөвхөн биеийн төдийгүй сэтгэлийн цэвэрлэгээ юм.
Ашиг тус:
Сэтгэл санааг тайвшруулж, төвлөрлийг нэмэгдүүлнэ
Хоолны дуршил болон сэтгэл хөдлөлийн идэлтийг бууруулна
Талархал, урам зоригийг сэргээнэ
Сэтгэлээ тайвшруулах, шинэ урам авах үед тохиромжтой.
72 цагийн мацаг — Дархлааны шинэчлэл
Гурван өдрийн дараа таны биед шинэ дархлааны эсүүд үүсч, гүнзгий нөхөн сэргэлт эхэлдэг. Энэ үе шатанд бие махбодь бүрэн дахин тэнцвэржиж, цэвэрлэгддэг.
Ашиг тус:
Дархлааг бэхжүүлж, хамгаалалтын чадварыг нэмэгдүүлнэ
Эсийн нөхөн сэргэлтийг идэвхжүүлнэ
Биеийг бүхэлд нь шинэчилж, урт настай холбоотой процессыг дэмжинэ
Энэ төрлийн мацаг нь туршлагатай хүмүүсийн хувьд илүү тохиромжтой бөгөөд мэргэжлийн зөвлөгөөтэйгээр хийх нь зүйтэй.
Мацаг барих нь хязгаарлалт биш, харин амралт юм. Энэ бол таны биед анхаарал тавьж, дотоод хэмнэлээ сэргээх нэгэн арга.
Багаас эхэлж, өөртөө зөөлөн ханд. Биеэ ажигла. Зөвхөн 12 цагийн мацаг барихад ч таны бие болон оюун санаанд гайхалтай өөрчлөлт эхэлж чадна.
Өнөөдөр өөрт тохирох нэг төрлийн мацаг сонгоод туршаад үзээрэй.
